Хатгал тосгоны түүхчилсэн танилцуулга
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАТГАЛ ТОСГОНЫ ТҮҮХЧИЛСЭН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Хөвсгөл нуурын баруун хөвөөг эмжиж байдаг Хатгал тосгон 1691 онд сууриа тавьсан Хөвсгөл аймгийн эртний суурин газар юм.
1905 онд Хатгалд байсан Оросын худалдааны төв Улиастайн консулд харъяалагдаж байсан.
Хөвсгөл нуурыг худалдаа тээврийн хямд өртөгтэй зам болгон 1910 онд 40 тоннын даацтай “ Монгол “ гэдэг модон онгоц аялуулж эхэлснээр усан замын тээврийн эх үүсвэр тавигдсан.
Монд – Улиастайг холбосон телефон шугамыг 1914 онд Хатгалыг дайруулан тавьсан.
1921 оны 12 дугаар сард “ Хөвсгөлийн хязгаарын хэргийг эрхлэх ардын түр яам “ нэртэй орон нутгийн анхны захиргааг Хатгалд байгуулсан.
1921 онд Хүн эмнэлгийн салбар байгуулагдаж, 1929 онд 15 ортой больниц болгон өргөтгөсөн нь аймгийн Эрүүлийг хамгаалах байгууллагын суурь болсон.
1922 оны 12 дугаар сард Монголын харилцан туслалцах төв хоршооны анхны салбар байгуулагдсанаар аймгийн худалдааны байгууллагын үндэс тавигдсан.
1923 оны 11 дүгээр сард 1 багш, 25 сурагчтай улсын төсөвт бага сургууль байгуулагдсан нь улсын анхны 13, аймгийн анхны 2 сургуулийн нэг.
1925 оны 7 дугаар сард Хатгалын Чулуутад долоон орон тоотой харилцаа холбооны салбар хуучин Хаант Оросын холбооны байшинд ажиллаж эхэлснээр аймгийн холбооны байгууллагын тулгын чулууг тулжээ.
1927 онд Хатгал – Туртад Монгол ардын төв коопертивын харъяа “Агентын газар” нэртэй худалдааны дамжлага баазын эх суурь тавигдсан.
1930 онд шатахуун түгээх колонк байгуулагдсан нь нефть хангамжийн баазын суурь үндэс болсон.
1931 оны 2 дугаар сард УБХ-ын Тэргүүлэгчдийн 6 дугаар хурлаас Хөвсгөл аймгийг байгуулах тухай шийдвэр гаргаж, хуучин 3 хошуу, 55 сумыг 25 болгон аймгийн хил хязгаарыг тогтоон төвийг Хатгалд төвлөрүүлэхээр тогтсон.
1931 оны 3 дугаар сард аймгийн Намын хороо, ХЗЭ-ийн хороо, ҮЭ-ийн товчоо, 4 дүгээр сард шүүх, 10 дугаар сард прокурорын газар тус тус байгуулагдсан.
1931 онд улсын худалдааны бие даасан анхны хоршооны 51 дүгээр ерөнхий хороо байгуулагдсан.
1933 оны 2 дугаар сард Монгол – Зөвлөлтийн хувь нийлүүлсэн бөөний худалдааны дамжлага бааз байгуулагдсан.
1931 онд барьж байгуулж эхэлсэн Монголын ууган үйлдвэрийн нэг Хатгалын Ноос Угаах Фабрик 1933 оны 7 дугаар сард ашиглалтанд орж, цахилгаан гэрэлтэй болсон.Хожим нь Ноос Угаах Үйлдвэр нь “ Хөдөлмөрийн гавьяаны улаан туг “ – ийн одонгоор шагнагдсан.
1934 оны 3 дугаар сард Улсын худалдааны дамжлага бааз байгуулагдсан.
БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигийг үндэслэн Хөвсгөл аймгийн хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1955 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр Хатгалыг 4 хоринтой хороо захиргаа болгон өөрчилсөн.
БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар зарлигаар орон нутгийн харъяалалтай хот болгосон ба энэ үед 7000 орчим оршин суугчидтай, 30 орчим үйлдвэр, аж ахуйн газруудтай, аймгийн төсвийн орлогын 75 хувийг бүрдүүлж байсан.
Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 187 дугаар тогтоолоор Хөвсгөл нуурыг хамгаалах асуудалтай холбогдуулан НУҮ, Нефть болон Авто тээврийн 24 дүгээр бааз, Мод боловсруулах цех зэрэг томоохон үйлдвэр, аж ахуйн газруудыг татан буулгаснаар 3000 гаруй хүн шилжиж, хүн ам эрс цөөрсөн.Үүнтэй уялдан УИХ-ын 1994 оны З6 дугаар тогтоолоор Хатгал хотыг тосгоны статустай болгосон.
Хатгал тосгон нийслэлээс 757 км,аймгийн төвөөс 101 км,Алаг-эрдэнэ сумаас 45 км-т Хөвсгөл нуурын баруун доод эрэгт оршдог, 91144 га эдэлбэр газартай, баруун талаараа Алаг-эрдэнэ, зүүн талаараа Чандмань-өндөр, хойд талаараа Ринчинлхүмбэ сумтай хиллэдэг, 916 өрх, 3067 хүн амтай,666 хүүхэдтэй 12 жилийн дотуур байртай сургуультай, 15 ортой сум дундын эмнэлэгтэй, 150 хүүхэдтэй 4 бүлэгтэй цэцэрлэгтэй, 32262 толгой малтай.
Эдийн засаг нь мал аж ахуй, аялал жуулчлал, жижиг худалдаа үйлчилгээний орлогоос бүрддэг.
Газар нутгийн хувьд тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын болон орчны бүсэд нийт эдэлбэр газрын 70 орчим хувь нь оршдог.
Хүн ам,өрхийн 42,1 хувь нь хөдөөд суурьшин амьдардаг ба ойр нь 6 км,хол нь 50 гаруй км-т оршин суудаг.
Нисэх онгоц буух бүрэн тоноглогдсон Хатгал нисэх буудалтай.
Тосгоны төвд 5 км урттай сайжруулсан шороон замтай.
Тосгонд төр, төсвийн,төслийн хоршоо, ХХК чиглэлийн 21 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Дээрх байгууллагуудад 238 хүн ажилладаг.
Хөвсгөл нуур, Хатгал орчимд 32 жуулчны бааз, гэр буудал үйл ажиллагаа эрхэлдэг ба түүнээс гадна малчдын 3, гар урчуудын 5 бүлэг, иргэдийн нөхөрлөл 5, ШТС 3, зоогийн газар 8, талхны цех 3, автомашин болон дугуй засварын 2 ажиллаж байна.
Үүрэн телефоны Жи-мобайлын сүлжээ 2007 оны 8 дугаар сард ашиглалтанд орсон.
Мобикомын сүлжээ 2008 онд, Юнителийн сүлжээ 2009 онд ашиглалтанд орсон.
2008 оны 6 дугаар сард өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугаманд холбогдсон.
2009 онд Хатгал-Тойлготын 30,4 км сайжруулсан шороон зам ашиглалтанд орсон.
2009 онд 320 хүүхдийн хичээлийн байр шинээр баригдан ашиглалтад орсон.
Цаг уур өртөөний барилга шинээр баригдаж ашиглалтанд орсон.
500 хүний суудалтай Соёлын төвийн барилга шинээр баригдана.
Хүн эмнэлэгт халуун ус,цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтанд орсон.
Хүзүүвчийн шилд усан замын зогсоол шинээр баригдаж ашиглалтанд орсон.
Цагдаагийн кабон баригдаж ашиглалтанд орсон.
Хөвсгөл нуур судлалын шинжилгээний төвийн барилга шинээр баригдана.
Хатгал тосгон нь газар зүйн хувьд Монгол орны хойд Хангай,Хөвсгөлийн уулсын бүсэд буюу Хөвсгөл нуурын усны хагалбараар баруун, зүүн 2 хэсэгт хуваагддаг.
Хөвсгөл нуур орчныхоо газар нутгийн уур амьсгалыг зөөлрүүлэх нөлөө үзүүлдэг.Өвөл нь төдий л хүйтэнгүй,зун нь сэрүүн,нуур ба эрэг орчмын дулааны зөрөө их биш нуурын эргээр өвөлдөө дунджаар 24 хэм хүрч хүйтэрдэг бол зун нь сэрүүвтэр 15 хэм хүрч дулаардаг.
Мөнх цэвдэг ул хөрстэй.
Хөвсгөл нуурын орчимд 17 баг,44 омог,132 төрөл,251 зүйлийн жигүүртэнтэй.Нуурын усанд 9 зүйл загастай.
Аргаль,халиу буга,хүдэр зэрэг ховордсон амьтадтай.Мөн гахай,бор гөрөөс,буга согоо зэрэг агнуурын амьтад нутагшдаг.
1100 орчим шавьжтай,69 овог,26 төрөлд хамаарах 750 зүйлийн ургамал ургадаг.
120 гаруй нэрийн эм болон хүнс,техникийн ургамалтай.
Алтан тэрэлж,их саадган цэцэг,дөрвөлсөн бөлбөө,гурвалсан шүрэн үндэс зэрэг ховор ургамалтай.
Газрын хэвлийн баялгаас бал чулуу,фосфорит,зэс,шохой,барилгын тоосгоны шаврын нөөцтэй.
ХАТГАЛ ТОСГОНЫ ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ
Хатгалын хөгжлийн давуу талууд
1. Байгалийн онгон төрхөөрөө үлдсэн цэнгэгээрээ дэлхийд 3-т, талбайн хэмжээгээрээ Азид 3-т, Монголд 2-т, гүнээрээ Азид-4-т, цэнгэг усны нөөцөөрөө Монголд 1-д ордог Хөвсгөл нуур
2. Монгол улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн шинэ хуваарь,бүс нутгийн хүрээ,сумдын эдийн засгийн бүсчлэлийн хэмжээнд авч үзвэл газар зүйн байршлын хувьд тойргийн сумдын төвд оршдог.
3. Хил залгаа ОХУ-тай харилцаа холбоо,аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой ба Ханх-Мондын хилийг олон улсын гарц болгох эхлэл тавигдсан.
4. Өөрийн орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлал,эдийн засгийн бусад байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх нөхцөл боломж,зах зээлийн багтаамжтай.
5. Засгийн газрын 2005 оны 202 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол улсын Хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөрт Хатгалын хөгжлийн чиг баримжаа тодорхой тусгагдсан.
6. Дэд бүтэц харьцангуй хурдтай хөгжиж байгаа
7. Үйлдвэрлэлийн ямар ч салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчний нөөцтэй.
8. Усан болон агаарын тээврийн үйлчилгээтэй
9. Интернетийн үйлчилгээтэй
10. Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар,Газар хөдлөлтийг судлах станц,Цаг уурын станц,Хөвсгөл нуур судлалын станц зэрэг байгаль хамгаалах эрдэм шинжилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.
ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
УТАС 98090089