Хувьсгалын өмнөх үеийн тухай товчхон

Хатгал боом харуул нь 1691 онд Халхын Богд Жавзандамын 3 отог  /Цутгал боомын харуул/ нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй ба Орос улстай хиллэсэн хил орчмын дагуу Манж чин улсаас  47 гэр харуул байгуулсны нэг нь юм.

Хатгал боом харуулынхан Эгийн голын захаас Өлхөн сайрыг гаталж Шар шороон уул, Хүрэн уул, Даахь уулыг дайран Бэлтэс голыг сүлжиж 14 газрыг харъяалан Ханх, Бургас, Хээгцэр, Хөхөө зэрэг газар суурьшин байрлаж байсан байна.

1905 оноос Орос худалдаачид Хатгалд ирж суурьшиж эхэлсэн ба 1912 онд 150 гаруй орос хүн оршин сууж, Хатгал дахь Оросын худалдааны төв нь Улиастайн консулд харъяалагдаж байв.

1912 онд Хатгалд Оросын худалдаачид 2 давхар дүнзэн байшин барьж, худалдааны төв нээсэн ба энэ байшин нь түүх дурсгалын зүйл болон үлдэж орон нутгийг танхим болон ашиглагдаж байна.

Оросын худалдаачид Хөвсгөл нуурыг худалдаа, тээврийн хямд өртөгтэй зам болгон 1910 онд 40 тоннын даацтай, 75 морины хүчтэй “ Монгол “ жижиг модон онгоц аялуулж, худалдааны бараа, зорчигчид зөөж эхэлснээр усан замын тээврийн эх үүсвэр тавигдсан.

1913 онд Хатгалд “ Гаалийн хороо “ байгуулагджээ.

Ардын хувьсгалын дараах үеийн тухай товчхон

1921 оны 11 дүгээр сард  “ Хөвсгөлийн хязгаарын хэргийг эрхлэх ардын түр яам “ нэртэйгээр орон нутгийн анхны захиргааг Хатгал харуулд байгуулж, бэйл Цэмбэлдоржийг ардын засгийн газрын төлөөний түшмэлээр томилжээ.

1921 оны дундуур Хүн эмнэлгийн салбар байгуулагдаж, 1929 онд 15 ортой болгон өргөтгөсөн нь аймгийн Эрүүл мэндийг хамгаалах байгууллагын суурь болсон.1946 онд хүний их эмчийн салбар, 1961 онд сум дундын эмнэлэг болсон.

1921 оны 11 дүгээр сард Монголын харилцан туслалцах төв хоршоо /монценткооп/ байгуулсны дараа хөдөөгийн ард түмэнд үйлчлэх анхны хоршооны салбаруудыг байгуулж эхэлсэн бөгөөд Хөвсгөлийн хязгаар нутагт анхны хоршоог байгуулахаар Нийслэл хүрээнээс цай 150 хунз, даалимба 470 зах, цуунямбуу 150 зах, дүнсэн тамхи 23 хунзыг худалдан авч 60 тэмээн хөсгөөр тээвэрлэн Хатгалд авчирч, 1921 оны 12 дугаар сарын 12-нд анхны майхнаа босгон худалдаа хийж, тэнд гүн Өлзийноровоор удирдуулсан анхны салбар нээснээр аймгийн худалдааны байгууллагын суурь тавигджээ.1922 оны эхээр харуул, урианхай, дархад нутгийн 180 хүн 935 лан мөнгөөр хувь нийлүүлэх Монголын харилцан туслалцах хоршоонд гишүүнээр элсэж, шинэ байгуулсан дэлгүүрийг МХТХ-ны 22 дугаар хэлтэс гэж нэрлэжээ.

 

Үүний зэрэгцээ  Ардын засгийн Гаалийн хороог Хатгалд нээжээ.

Ардын засгийн төлөөний түшмэлийн туслах Г.Найдансүрэнгийн удирдлага санаачлагаар 1922 онд Хатгалын эвлэлийн 14 дүгээр үүр байгуулагдсан нь аймгийн анхных байв.

1923 оны 1 дүгээр сард Ардын засгийн газар “ Монгол улсын засаг ба засаг биш ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм “ – ийг  батлан гаргасан нь орон нутгийн хуучин захиргааг ардчилсан шинэ зарчим дээр шинэчлэн байгуулахын эх үүсвэр болсон билээ.

Ардын засгийн газраас 1923 онд аймаг, хошуудын хуучин нэрийг өөрчлөх шийдвэр гаргасан байна.

Намын төв хороо, Ардын засгийн газрын төлөөний түшмэлийн туслах Чойжилсүрэнгийн удирдлагаар Хатгал, Хөхөө, Дархинт, Уйлган, Архан буурал, Эрээнцалам харуулын ардуудын хурлыг Даяндээрхийн хүрээнд хийж, нутгийн захиргааг шинэчлэн зохион байгуулан, дээрх 6 харуулын нэгтгэн Дэлгэрхан уулын хошуу хэмээн нэрлэж, Цэцэрлэг мандал уулын аймагт харъяалуулан, хошуу даргаар Хөхөө харуулын ард М.Готовыг сонгожээ.

Хөвсгөлийн хязгаар нутагт хамгийн түрүүн байгуулагдсан сургууль бол Хатгал дахь “ Төлөөны түшмэлийн  яам “ – ны дэргэдэх улсын төсөвтэй бага сургууль 1923 оны 11 дүгээр сарын 09-нд 1 багш, 1 ажилчин, 25 сурагчтайгаар байгуулагдсан нь улсын анхны 13, аймгийн анхны 2 сургуулийн нэг ба захирлаар нь Гомбосүрэн гэж хүн ажиллаж байжээ. Энэ сургууль нь 1943 онд 7 жилийн сургууль болон өргөжиж, 1947 онд долоодугаар ангийн анхны төгсөлтөө хийсэн, улмаар 1954 онд 10 жилийн сургууль болсон түүхтэй.

1925 онд Ардын засгийн газраас их шавийг халсантай холбогдуулан хүшуудыг цомтгон шинээр байгуулахад Хөвсгөл далай, Бүрэн хаан уулын хошууг дархадын Дэлгэр Их-Уулын хошуутай нэгтгэж, Хөвсгөл далай Дэлгэр Их-Уулын хошуу, дараа нь энэ хошуунд хуучин харуулын Дэлгэрхан уулын хошууг нэгтгэн Хөвсгөл далай Дэлгэрхан уулын хошуу болгон Хатгалд төвлөрүүлж, Цэцэрлэг мандал аймагт харъяалуулжээ.

1925 онд Хатгалын Чулуутад 7 орон тоотой харилцаа холбооны салбар хуучин хаант Оросын холбооны станцын байшинд ажиллаж эхэлснээр Эрхүү-Улаанбаатарын хооронд харилцах болж, улмаар 1929 онд Цэцэрлэг, Тариат, Мөрөн, Хатгалын телефон харилцааны шугам ашиглалтанд орсон нь Хөвсгөл аймагт харилцаа холбоо хөгжих эхлэлийг тавьсан.

Зөвлөлт, Монголын Засгийн газар хооронд байгуулсан худалдааны хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн худалдааны салбарууд Хатгалд бий болж, тэнд монгол ажилчид ажиллан ажиллагчдын тоо өсч байсан тул тэдгээрийн эрх ашгийг хамгаалсан Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг зохион байгуулах шаардлага гарчээ.

Үүний дагуу 1926 онд Монгол ажилчдын ҮЭ-ийн үүрийг Хатгалд байгуулсан нь Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн байгууллагын эх суурь болсон.

Хөвсгөлийн олон хошуудыг хамран үйлчлэх мал эмнэлгийн салбар 1927 онд Хатгалд нээгджээ.

1927 онд Хатгал-Туртад Монгол ардын төв коопертивийн харъяа “Агентын газар” нэртэй  худалдааны дамжлага баазын эх суурь тавигдсан.

 

 

1930 онд Хатгалд автотээврийн салбар буудал анх үүсч, сар тутам Улаанбаатартай авто шуудан холбоотой болсон ба 1931 онд цахилгаан мэдээ дамжуулах морз аппаратыг Хатгалд ажиллуулж эхэлсэн байна.

1930 онд Хатгалын ууган байгууллагын нэг болох нефть хангамжийн бааз анх  “Колонк” нэртэй суурь нь тавигдсан.

Хатгал суурингийн түүхэнд онцгой тэмдэглэлтэй үлдсэн үйл явдал бол Хөвсгөл аймаг анх байгуулагдахад төв нь энд төвлөрч, аймгийн төр, олон нийтийн байгууллагуудын үндэс суурь нь Хатгалд тавигдсан явдал юм.

1931 оны 2 дугаар сард УБХ-ын Тэргүүлэгчдийн 6 дугаар хурлаас Хөвсгөл аймгийг байгуулах тухай шийдвэр гаргаж, хуучин 3 хошуу, 55 сумыг 25 болгон аймгийн хил хязгаарыг тогтоон төвийг Хатгалд төвлөрүүлэхээр тогтсон.

1931 оны 4 дүгээр сарын сарын 11-30-д Хөвсгөл аймгийн анхдугаар их хурал Хатгалд хуралдаж, Хөвсгөл аймаг 107,2 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 69206 хүн амтай, нэг сая гаруй толгой малтай, 24 сум, 439 хоринтой байгуулсан тухай тогтоол баталжээ.

1931 оны 3 дугаар сард аймгийн Намын хороо, ХЗЭ-ийн хороо, ҮЭ-ийн товчоо, 4 дүгээр сард шүүх, 10 дугаар сард прокурорын газар тус тус байгуулагдсан.

            1931 онд улсын худалдааны бие даасан анхны хоршооны 51 дүгээр ерөнхий хороо байгуулагдсан.

            1931 оны 7 дугаар сард “ Монгол улсын 10 жил “ нэртэй дизель хөдөлгүүртэй, 100 тоннын даацтай усан онгоц ашиглалтад орсон нь усан замын тээврийн нэг хуудас болсон юм.

            1931 онд ЗХУ-ын тусламжтайгаар барьж байгуулж эхэлсэн Монголын ууган үйлдвэрийн нэг Хатгалын Ноос Угаах Фабрик 1933 оны 7 дугаар сард ашиглалтанд орсон.

            1933 оны 4 дүгээр сард нуурын хөвөөний Хатгал сууринд анх Ильичийн гэрэл бадамлан ассанаар Хөвсгөл нутагт эрчим хүчний үйлдвэрийн тулгын чулууг тавьжээ.

            Анх ЛМ-8 маркийн локомобиль машин ажиллуулан цахилгаан гаргаж байсан

            1933 оны 2 дугаар сард Монгол – Зөвлөлтийн хувь нийлүүлсэн бөөний худалдааны дамжлага бааз байгуулагдсан.

1933 онд Мөрөнд Монгол банкны Хөвсгөл дахь хэлтэс байгуулагдсаны дараа жил буюу 1934 онд Хатгалд банкны байгууллагын эх үүсвэр тавигдаж, гүйлгээ хийж эхэлсэн  байна.

1934 оны 3 дугаар сард Улсын худалдааны дамжлага бааз байгуулагдсан.    

1936 онд Ноос угаах фабрикийн захиргаа ажилчдынхаа хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд зориулан 20 ортой хүүхдийн цэцэрлэг нээж ажиллуулснаар сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын суурь тавигджээ.

1941 онд Хатгалд эмийн сан шинээр нээгдсэн нь хүн амд өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үзүүлэхэд чухал алхам болсон.

1940-өөд оны дунд үеэс Ноос угаах фабрикийн ажилчны клубт сайн дурын уран сайхны сургуулилт хийж, концерт, жүжиг найруулан тоглож байсан бөгөөд энэ нь соёл урлагийн байгууллагын үндэс суурь болсон юм.

1946 онд Холбооны шинэ барилга ашиглалтад орж, тусгай хашаа, агуулах, шуудан тасагтай болж тохижсоны хамт 1949 онд 50 номероор комутаторыг  өргөтгөж, 1950 онд “ЛУЧ-100 вт” өсгөгч шинээр суурилуулан тоногложээ.

1953 онд Хатгалын хоршоонд нийтийн хоолны салбарын анхны суурь тавигдаж, Лодойдамба тогоочтой гуанз нээгджээ.

1953 онд нийтийн номын санг анх 500-аад номын фондтой, нэг орон тоотойгоор ажиллуулсан.

 1954 онд ноосны фабрикийн дэргэд, улмаар Чулуутын мал сүрэглэх баазад нийтийн хоолны гуанз ажиллаж эхэлсэн байна.

1949-1959 онуудад Цагаан-Уул, Бүрэнхаан, Рэнчинлхүмбэ сумын артелиудыг татан буулгаж, Хатгалын артельд нийлүүлсэн аж ахуй, зохион байгуулалтын бэхжүүлэх чухал арга хэмжээ болжээ.

1955 онд Дамжлага бааз, Ноос угаах фабрикийн ажилчны клубыг түшиглэсэн суурин киноны цэгтэй болж анхны кино механикчаар  Пагмажав ажиллаж байв.

1956 онд 400 морины хүчтэй хөдөлгүүр бүхий “Сүхбаатар“ ган онгоцыг “Хөвсгөл” чиргүүлийн хамт хугацаанаас өмнө барьж 1957 оны 7 дугаар сарын 6-нд Хатгалд хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан байна.

1954 онд Алаг-Эрдэнэ сумын “ Хөгжил “ нэгдэл байгуулагдаж, Хатгалд төвлөрч байсан Алаг-Эрдэнэ сумын төв өөр газар нүүж суурьших болсон тул БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигийг үндэслэн Хөвсгөл аймгийн хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1955 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр 700 гаруй өрх, 4000 шахам хүн амтай Хатгалыг 4 хоринтой хороо захиргаа болгон өөрчилсөн.

1956 онд явагдсан орон нутгийн АДХ-ыг сонгох 3 дахь удаагийн сонгуулиар Хатгал хороо, түүний АДХ-ын гүйцэтгэх захиргааг албан ёсоор байгуулсан байна.

1953-1957 онд холбооны салбарын тоног төхөөрөмжийг өргөтгөн засварлаж, 100 номерийн МБ комутатор шинээр тавьсны дээр аймгийн төвтэй байнгын утсан харилцаатай болжээ.

1962 оны 10 дугаар сард Ус, цаг уурын станц байгуулагдаж, шинжилгээ судалгааны ажлаа эхэлж, 1963 оны 1 дүгээр сарын 1-нээс бүрэн тоогоор ажилласан.

1962 онд Нисэх онгоцны буудал байгуулж, зорчигч тээврийн шуудангийн онгоцны үйлчилгээг нээжээ.

Хөвсгөл, Завхан аймгийн үйлдвэрлэлийн салбарууд өргөжин, шатахууны хэрэгцээ нэмэгдсэнтэй уялдуулан 1969 оны сүүлчээр Автотээврийн 24 дүгээр баазыг шатахуун тээврийн чиглэлээр байгуулсан.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 473 дугаар тогтоолын дагуу Ноос угаах үйлдвэр, Дамжлага бааз, Нефть баазыг гэрээгээр хамгаалах зорилгоор 1969 оны намар  Гал команд анх байгуулагдсан.

1971 онд хуралдсан үйлдвэр хоршооллын YIII их хурлаар үйлдвэр хоршооллын артелийг улсын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Хатгалын артель 1972 оноос нийтийн аж ахуй үйлчилгээний анги болон зохион байгуулагдсан.

Хатгалын Намын хороо, АДХ-ын Гүйцэтгэх Захиргаанаас 1970 онд Худалдаа бэдтгэлийн яаманд тавьсан хүсэлтийг үндэслэн БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны сайдын тушаалаар 1972 онд Худалдаа бэлтгэлийн ангийг Худалдаа бэлтгэлийн трест болгон өргөтгөж, материаллаг бааз, тоног төхөөрөмжийг нь ихээхэн нэмэгдүүлсэн юм.

1973 оны 3 дугаар сарын 1-нд Цагаан-Үүүрийн артелийн модон тасгийг өргөтгөн, уг тасгийн маериаллаг бааз дээр Хатгалын мод бэлтгэх цехийг анх 56 ажилчинтай, 1754 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр байгуулжээ.

            Хүн ам олноор төвлөрөн суурьшсан, эртний түүхтэй, Монгол-Зөвлөлтийн найрамдлын бэлэг тэмдэг болсон Усан замын боомт энэ сууринг БНМАУ-ын Ардын Их  Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар зарлигаар орон нутгийн харъяалалтай хот болгосон ба энэ үед 7000 орчим оршин суугчидтай, 30 орчим үйлдвэр, аж ахуйн газруудтай, аймгийн төсвийн орлогын 75 хувийг бүрдүүлж байсан.

            Хотын үйлдвэр, аж ахуйн газруудын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч байгааг харгалзан 1975 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Эрчим хүчний бие даасан үйлдвэр байгуулагдсан ба цахилгаан гаргагч ДГ-66 маркийн дизель агрегат 2-ыг суурилуулан 1260 квт-ын чадалтай станцыг 1976 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтанд хүлээлгэн өгснөөр хотын цахилгааг эрчим хүчний хэрэглэгээг найдвартай хангах болсон байна.

            ЗХУ-ын болон манай эртэмтдийн олон жилийн хамтын судалгаа шинжилгээний үр дүнд Хөвсгөл нуурын ойр орчмын нутгийг газар хөдлөлийн идэвхтэй бүс гэж тогтоосон тул БНМАУ-ын СНЗ-ийн 1973 оны 175 дугаар тогтоолоор БНМАУ-ын ШУА-ийн физик техникийн хүрээлэнгийн газар хөдлөлтийг судлах төвийн харъяа Газар хөдлөлтийг судлах станцыг 1975 онд байгуулан мөн оны 11 дүгээр сарын 25-наас ажиллуулжээ.

            1981 оны 8 дугаар сард Хатгалд ажиллаж байсан 4 сэргийлэгчтэй сэргийлэн хамгаалах салааг Цагдан сэргийлэх групп болгон өргөтгөсөн.    

1982 онд газрын хөрсний цэвдэгшлийг судлах зорилгоор Цэвдэг судлалын станц байгуулагдсан.

            1983 онд ариун цэвэр, халдвар судлалын станц байгуулагджээ.

1984-1985 онд ЗХУ-ын Пермь хотын хөлөг онгоцны үйлдвэрийн хэсэг мэргэжилтнүүд орчин үеийн автомат удирдлага бүхий 800 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй, 2000 тонн ачаа чирэх чадалтай Сүхбаатар хөлөг онгоцыг Хатгалд угсран 1985 оны зун ашиглалтад хүлээлгэн өгсөн.

1980 онд холбооны салбарт өргөтгөл хийгдэн, орон тоо нэмсний дээр Зөвлөлтийн орбитын нэвтрүүлгийн программ хүлээн авч дамжуулах телевизийн “Экран ЧМ” станц ашиглалтад орсон.

1985 онд аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны тогтоолоор кинотеатр байгуулагдан, орчин үеийн суурин аппарат, өргөн дэлгэцтэй болжээ.

1986 онд БНМАУ-ын СНЗ-ийн тогтоолоор Хөвсгөл нуур хамгаалалтын бүсийг тогтоож, нуурын байгалийг унаган төрхөөр хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий “ Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргаа “ – г байгуулсан байна.

1987 оноос сум дундын эмнэлэг сум дундын нэгдсэн эмнэлэг болон өргөжсөн.

Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 187 дугаар тогтоолоор Хөвсгөл нуурыг хамгаалах асуудалтай холбогдуулан НУҮ, Нефть болон Авто тээврийн 24 дүгээр бааз, Мод боловсруулах цех зэрэг томоохон үйлдвэр, аж ахуйн газруудыг татан буулгаснаар 3000 гаруй хүн шилжиж, хүн ам эрс цөөрсөн.Үүнтэй уялдан УИХ-ын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн З6 дугаар тогтоолоор Хатгал хотыг тосгоны статустай болгосон.